Харилцаа холбоо, мэдээллийн технологийн...

17
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 1 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1.1.Энэ хуулийн зорилго нь хувь хүний өгөгдөл, мэдээллийг боловсруулахад түүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино. 2 дугаар зүйл. Өгөгдөл хамгаалах тухай хууль тогтоомж 2.1.Өгөгдөл хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“хувийн өгөгдөл” гэж тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох эсвэл тодорхойлж болохуйц бүх мэдээлэл буюу нэр, албан ёсны баримт бичгийн давтагдашгүй дугаар, хаяг, байршлын мэдээлэл, цахим тодорхойлогч, эдийн засаг, нийгэм, соёлын, оюун санааны, генетикийн, бие махбодьтой холбоотой мэдээллийг; 3.1.2.“хувийн эмзэг өгөгдөл” гэж тухайн хүний үндэс, угсаа, арьсны өнгө, улс төр, шашин шүтлэг, гүн ухааны итгэл үнэмшил, гишүүнчлэл, генетикийн болон биометрик өгөгдөл, эрүүл мэнд, бэлгийн чиг хандлага эсхүл бэлгийн амьдралын талаарх мэдээллийг; 3.1.3.“хувийн өгөгдлийг боловсруулах” гэж хүн эсхүл техник, програм хангамжийн тусламжтай хувийн өгөгдлийг цуглуулах, бүртгэх, ангилах,

Transcript of Харилцаа холбоо, мэдээллийн технологийн...

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот

ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хувь хүний өгөгдөл, мэдээллийг

боловсруулахад түүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагааны эрх

зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Өгөгдөл хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Өгөгдөл хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хууль нь Монгол

Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Харилцаа

холбооны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээр

хуультай нийцүүлэн гаргасан бусад хуулиас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар

ойлгоно:

3.1.1.“хувийн өгөгдөл” гэж тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох эсвэл тодорхойлж болохуйц бүх мэдээлэл буюу нэр, албан ёсны баримт бичгийн давтагдашгүй дугаар, хаяг, байршлын мэдээлэл, цахим тодорхойлогч, эдийн засаг, нийгэм, соёлын, оюун санааны, генетикийн, бие махбодьтой холбоотой мэдээллийг;

3.1.2.“хувийн эмзэг өгөгдөл” гэж тухайн хүний үндэс, угсаа, арьсны өнгө, улс төр, шашин шүтлэг, гүн ухааны итгэл үнэмшил, гишүүнчлэл, генетикийн болон биометрик өгөгдөл, эрүүл мэнд, бэлгийн чиг хандлага эсхүл бэлгийн амьдралын талаарх мэдээллийг;

3.1.3.“хувийн өгөгдлийг боловсруулах” гэж хүн эсхүл техник, програм хангамжийн тусламжтай хувийн өгөгдлийг цуглуулах, бүртгэх, ангилах,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

2

бүтэцлэх, хязгаарлах, хадгалах, дамжуулах, ил болгох, ашиглах, өөрчлөх, устгах үйл ажиллагаа болон эдгээрийн нийлбэрийг;

3.1.4.“өгөгдлийн эзэн” гэж хууль ёсны дагуу хувийн өгөгдлийг өмчилж буй хүнийг;

3.1.5.“өгөгдөл хариуцагч” гэж хуулиар эрх олгогдсоны дагуу, эсхүл өгөгдлийн эзнээс олгосон зөвшөөрлийн дагуу хувийн өгөгдлийг боловсруулах зорилго болон арга хэрэгслийг тодорхойлж буй төрийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн өмчит хуулийн этгээд, иргэн, байгууллагыг;

3.1.6.“өгөгдөл боловсруулагч” гэж өгөгдөл хариуцагчаас өгсөн заавар, журмын дагуу хувийн өгөгдлийг боловсруулж буй төрийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн өмчит хуулийн этгээд, иргэн, байгууллагыг;

3.1.7.“цахим тодорхойлогч” гэж техник, тоног төхөөрөмж, програм хангамж, интернэт протоколын хаяг, цахим хуудасны хэрэглэгчийг таних боломжтой мэдээлэл, радио давтамж танигч болон эдгээрийн нийлбэрийг;

3.1.8.“генетикийн өгөгдөл” гэж хүний биологийн сорьцын шинжилгээнээс гарсан бие махбодь, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг;

3.1.9.“биометрик өгөгдөл” гэж хүний бие махбодьтой холбоотой дахин давтагдашгүй шинж тэмдэгээр таньж баталгаажуулах боломжтой мэдээллийг;

3.1.10.“эрүүл мэндийн өгөгдөл” гэж тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээллийг;

3.1.11.“нэргүй болгох” гэж хувийн өгөгдлийг нэмэлт мэдээлэл ашиглан өгөгдлийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох, эсхүл зохиомол, халхавч нэртэй болгохыг;

3.1.12.“даруй” гэж хамгийн боломжит богино хугацааг.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулиар төрийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн өмчит

хуулийн этгээд, иргэн, байгууллага хувийн өгөгдлийг боловсруулахтай

холбоотой харилцааг зохицуулна.

4.2.Төрийн болон албаны нууц өгөгдлийг боловсруулахтай холбоотой

харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

4.3.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3

4.3.1.хүн өөрийн болон гэр бүлийн гишүүнд хамаарах хувийн өгөгдлийг боловсруулах;

4.3.2.архивын тухай хууль тогтоомжийн дагуу архивын баримтад байгаа хувийн өгөгдлийг хадгалах, зохион байгуулах, бүрдүүлэх, бүртгэх болон ашиглах;

4.3.3.эрх бүхий этгээд гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувийн өгөгдлийг боловсруулах;

4.4.Энэ хууль батлагдахаас өмнө боловсруулсан хувийн өгөгдөлд

өгөгдлийн эзний зөвшөөрлийг авахад энэ хуулийг хэрэглэнэ.

4.5.Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, мөрдөн байцаах, прокурор,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 4.3.3-т зааснаас бусад

хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ

хууль үйлчилнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ ЗАРЧИМ

5 дугаар зүйл. Хувийн өгөгдөл боловсруулахад баримтлах зарчим

5.1.Хувийн өгөгдөл хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн

хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны

үндсэн зарчим үйлчилнэ.

5.2.Хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд дараах тусгай

зарчмыг баримтална:

5.2.1.хувийн өгөгдлийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсхүл өгөгдлийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах;

5.2.2.хувийн өгөгдлийг зөвхөн хуульд урьдчилан заасан зорилгын дагуу боловсруулах;

5.2.3.хувийн өгөгдлийг зөвхөн үнэн зөв, бүрэн байх нөхцөлтэйгөөр бодит шаардлага бий болсон үед боловсруулах;

5.2.4.хувийн өгөгдлийг зөвхөн өгөгдлийн эзний зөвшөөрөлтэйгөөр, өгөгдөл хариуцагчийн бүрэн хяналт дор боловсруулах;

5.2.5.хувийн өгөгдлийг боловсруулах зорилго, зөвшөөрөл өөрчлөгдсөн даруйд хувийн өгөгдлийг боловсруулахыг зогсоох, нэргүй болгох;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

4

5.2.6.хувийн өгөгдлийг зөвхөн аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд боловсруулах;

5.2.7.хувийн өгөгдөл боловсруулахад өгөгдөл хариуцагч, өгөгдөл боловсруулагч бүрэн хяналт тавьж, өгөгдлийн эзэн болон эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх.

5.3.Энэ хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхэд өгөгдлийн эзний

эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй нөхцөлд энэ хуулийн 5.2-т заасан хувийн

өгөгдөл хамгаалах тусгай зарчмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАХ

6 дугаар зүйл. Хувийн өгөгдөл боловсруулах зөвшөөрөл

6.1.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд өгөгдлийн эзнээс

зөвшөөрөл авсаны үндсэн дээр хувийн өгөгдлийг боловсруулна.

6.2.Өгөгдлийн эзний зөвшөөрөлд дараах мэдээлэл багтана:

6.2.1.овог нэр, регистерийн дугаар;

6.2.2.өгөгдөл хариуцагчийн оноосон нэр, холбоо барих хаяг;

6.2.3.хувийн өгөгдөл боловсруулах хуулийн үндэслэл, зорилго;

6.2.4.боловсруулах хувийн өгөгдлийн жагсаалт;

6.2.5.хувийн өгөгдлийг боловсруулах хугацаа;

6.2.6.хувийн өгөгдлийг ил болгох эсэх;

6.2.7.хувийн өгөгдлийг бусдад дамжуулах эсэх;

6.2.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөл;

6.2.9.гарын үсэг буюу түүнтэй адилтгах илэрхийлэл, үйлдэл.

6.3.Өгөгдлийн эзэн бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл өгнө.

6.4.Өгөгдлийн эзнээс анх авсан зөвшөөрөл, хуульд заасан үндэслэлээс

өөр зорилгоор хувийн өгөгдлийг боловсруулахыг хориглоно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

5

6.5.Хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаа нь өгөгдлийн эзний

зөвшөөрөл дээр үндэслэх тохиолдолд өгөгдлийн хариуцагч нь өгөгдлийн эзний

зөвшөөрөлтэй гэдгийг нотлох үүрэгтэй.

6.6.Өгөгдлийн эзэн нь өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд

цуцлах шийдвэр гаргасанаас өмнөх хугацаанд хийгдсэн хувийн өгөгдөл

боловсруулалт хууль ёсны хэвээр үлдэнэ.

6.7.Өгөгдөл боловсруулах хүсэлтэд өгөгдлийн эзэн ердийн боломжит

хугацаанд хариу өгөөгүй буюу тодорхой бус хариу өгсөн нь өгөгдөл

боловсруулахыг зөвшөөрсөнд тооцогдохгүй.

6.8.Иргэний хуулийн 15-19 дүгээр зүйлд заасан нөхцөлд хүүхдийн хувийн

өгөгдлийг боловсруулах зөвшөөрлийг түүний хууль ёсны төлөөлөгчөөс авна.

6.9.Өгөгдөл хариуцагч нь энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрлийг хууль

ёсны төлөөлөгчөөс авсан эсэхийг шалгах, баталгаажуулах үүрэгтэй.

7 дугаар зүйл. Өгөгдлийн эзний зөвшөөрөлгүйгээр хувийн өгөгдлийг

боловсруулах

7.1. Дараах тохиолдолд хувийн өгөгдөл боловсруулахад өгөгдлийн эзний

зөвшөөрөл шаардахгүй:

7.1.1.олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

7.1.2.өгөгдлийн эзний зөвшөөрлийг авах боломжгүй үед өгөгдлийн эзний эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах;

7.1.3.иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн гэрээний хэрэгжилтийг хангах;

7.1.4.нэргүй болгосны үндсэн дээр статистикгийн болон шинжлэх ухааны зорилгоор боловсруулах.

7.2.Энэ хуулийн 7.1-т заасан нөхцөлийг буруугаар буюу хэтрүүлэн

ашиглаж хувийн өгөгдөл боловсруулсантай холбоотой гомдлыг иргэний хэргийн

шүүх хянан шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Хувийн эмзэг өгөгдлийг боловсруулах

8.1. Хувийн эмзэг өгөгдлийг дараах тохиолдолд боловсруулна:

8.1.1.өгөгдлийн эзний зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлөөр;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

6

8.1.2.өгөгдөл хариуцагч хуульд тусгайлан заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор;

8.1.3.өгөгдлийн эзэн хувийн өгөгдөл боловсруулах тухай зөвшөөрөл өгөх иргэний эрх зүйн чадамжгүй бөгөөд өгөгдлийн эзний эрх ашгийг хамгаалах бодит шаардлага гарсан;

8.1.4.эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээ эмчлэх, сувилах зорилгоор хувийн эмзэг өгөгдлийг боловсруулах.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан үндэслэлээс бусад тохиолдолд хувийн эмзэг

өгөгдлийг боловсруулахыг хориглоно.

8.3.Хувийн эмзэг өгөгдөл боловсруулах тухай бүр Хүний эрхийн үндэсний

комисст мэдэгдэж, бүртгүүлнэ.

8.4.Эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлтэй холбоотой хувийн

өгөгдлийг зөвхөн цагдаагийн байгууллага боловсруулж, прокурор, шүүгч хяналт

тавина.

8.5.Энэ хуулийн 8.1-т заасан нөхцөлийг буруугаар буюу хэтрүүлэн

ашиглаж хувийн эмзэг өгөгдлийг боловсруулсантай холбоотой гомдлыг иргэний

хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Өгөгдлийн эзэн нас барсны дараа хувийн өгөгдлийг

боловсруулах

9.1.Өгөгдлийн эзэн нас барсан эсхүл нас барсанд тооцогдсон бол

өгөгдлийн эзний гэр бүлийн гишүүн болон асран хамгаалагч, харгалзан

дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах хувийн өгөгдлийг

боловсруулна.

9.2.Өгөгдлийн эзэн нас барснаас хойш далан жил өнгөрсөн тохиолдолд

хувийн өгөгдөл боловсруулахад зөвшөөрөл шаардахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ӨГӨГДЛИЙН ЭЗНИЙ ЭРХ

10 дугаар зүйл. Өгөгдлийн эзний эрх

10.1.Өгөгдлийн эзэн нь өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд дараах тусгай

эрхийг баталгаатай эдэлнэ:

10.1.1.мэдэх эрх;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

7

10.1.2.алдааг засуулах эрх;

10.1.3.устгуулах эрх;

10.1.4.дамжуулах эрх;

10.1.5.татгалзах эрх;

10.1.6.автоматаар хувийн өгөгдөл боловсруулахтай холбоотой эрх.

11 дүгээр зүйл. Мэдэх эрх

11.1.Өгөгдөл хариуцагч нь өгөгдлийн эзнийг дараах мэдээллээр бүрэн

хангана:

11.1.1.өгөгдөл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээлэл;

11.1.2.хувийн өгөгдөл боловсруулах зорилго, эрх зүйн үндэслэл;

11.1.3.хувийн өгөгдөл боловсруулах хугацаа;

11.1.4.хувийн өгөгдлийг бусад улс, олон улсын байгууллага, гуравдагч этгээдэд шилжүүлэх эсэх;

11.1.5.автоматжуулсан боловсруулалт хийх эсэх;

11.1.6.өгөгдлийн эзний гомдол гаргах, зөвшөөрлөөс татгалзах эрхийн талаарх мэдээлэл;

11.1.7.өгөгдлийн эзэн хувийн өгөгдөл боловсруулах зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд гарах үр дагаварын талаарх мэдээлэл.

12 дугаар зүйл. Алдааг засуулах эрх

12.1.Өгөгдлийн эзэн өөрийн хувийн өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн

байдлыг хангах зорилгоор алдаатай хувийн өгөгдлийг засварлах тухай

хүсэлтийг өгөгдлийн хариуцагчид гаргах, даруй засуулах, үнэн зөв, нэмэлт

хувийн мэдээллийг өгөгдөл хариуцагчид өгөх эрхтэй.

13 дугаар зүйл. Устгуулах эрх

13.1.Өгөгдлийн эзэн дараах нөхцөлөөр өөрийн хувийн өгөгдлийг

устгуулах эрхтэй:

13.1.1.хувийн өгөгдөл нь анх боловсруулсан зорилгод хүрсэн;

13.1.2.өгөгдлийн эзэн зөвшөөрлөөс татгалзсан;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

8

13.1.3.өгөгдлийн эзний зөвшөөрөлгүй эсхүл эрх зүйн үндэслэлгүйгээр хувийн өгөгдлийг боловсруулсан.

14 дүгээр зүйл. Дамжуулах эрх

14.1.Өгөгдлийн эзэн өөрийн хувийн өгөгдлийн хуулбарыг өгөгдөл

хариуцагчаас өөрийн сонгосон хэлбэр, хугацаанд хүлээн авах эрхтэй.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан өгөгдлийн хуулбарыг өөрийн сонгосон

өгөгдлийн хариуцагчид дамжуулах эрхтэй.

14.3.Өгөгдлийн эзэн энэ хуулийн 14.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхдээ

бусдын эрх, эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөхгүй байх үүрэгтэй.

15 дугаар зүйл. Татгалзах эрх

15.1.Өгөгдлийн эзэн хэдийд ч хувийн өгөгдөл боловсруулах үйл

ажиллагаанаас татгалзах шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ тухайгаа өгөгдөл

хариуцагчид мэдэгдэнэ.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсаны дараа өгөгдөл

хариуцагч нь бусад хүний эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй тохиолдолд

хувийн өгөгдөл боловсруулалтыг даруй зогсооно.

15.3.Өгөгдлийн эзний татгалзсан тухай шийдвэрээс өмнөх хувийн өгөгдөл

боловсруулах үйл ажиллагаа нь хууль ёсны хэвээр үлдэнэ.

16 дугаар зүйл. Автоматаар хувийн өгөгдөл боловсруулахтай холбоотой

эрх

16.1.Хувийн өгөгдлийг автоматаар боловсруулсны үр дүнд өгөгдлийн

эзний эрх, эрх чөлөөг хөндөж, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэж болох аливаа

шийдвэр гаргахыг хориглоно.

16.2.Өгөгдлийн эзний бичгээр өгсөн зөвшөөрөл эсхүл хуульд заасан

үндэслэлээр өгөгдлийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг

хангасны үндсэн дээр өгөгдөл хариуцагч хувийн өгөгдлийг автоматаар

боловсруулан, түүний үр дүнд тулгуурлан шийдвэр гаргаж болно.

16.3.Хувийн өгөгдлийг автоматаар боловсруулсны үр дүнд үндэслэн

шийдвэр гаргах журам, түүнээс гарах үр дагаварыг өгөгдөл хариуцагч өгөгдлийн

эзэнд мэдэгдэх ба өгөгдлийн эзнийг уг шийдвэрийг эсэргүүцэх, тайлбар гаргах,

нэмэлт өгөгдөл дамжуулах, өгөгдлийг дахин боловсруулахыг шаардах эрхээр

хангана.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

9

17 дугаар зүйл. Өгөгдлийн эзний эрхийн баталгаа

17.1.Энэ хууль, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл нь энэ

хуулийн 11-16 дугаар зүйлд заасан өгөгдлийн эзний эрхийг хөндөх үндэслэл

болохгүй.

17.2.Өгөгдлийн эзэн өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг

шүүхээр хамгаалуулах, өөрт учирсан хохирлыг гаргуулах эрхтэй.

ТАВДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДӨЛ ХАРИУЦАГЧ БОЛОН БОЛОВСРУУЛАГЧ

18 дугаар зүйл. Өгөгдөл хариуцагч

18.1.Өгөгдөл хариуцагч нь хуульд заасан үндэслэл, өгөгдлийн эзний

зөвшөөрлөөр эсхүл олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор

хувийн өгөгдлийг боловсруулна.

18.2.Өгөгдөл хариуцагч нь хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд

техникийн болон зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх

үүрэгтэй:

18.2.1.өгөгдлийн эзэнд хувийн өгөгдөл боловсруулах нөхцөлийн талаар товч тодорхой, хялбар арга замаар бичгээр болон цахим хэлбэрээр мэдэгдэх;

18.2.2.өгөгдлийн эзнээс түүний хувийн өгөгдлийг боловсруулах талаар зөвшөөрөл авах;

18.2.3.хуульд заасан үндэслэлээр хувийн өгөгдлөө гаргаж өгөх үүрэг хүлээлгэсэн бөгөөд өгөгдлийн эзэн хувийн өгөгдлөө өгөхөөс татгалзвал түүнд хууль зүйн үр дагаварыг тайлбарлах;

18.2.4.хувийн өгөгдөл боловсруулах аюулгүй байдлын арга хэмжээ авах;

18.2.5.өгөгдлийн эзний хүсэлтийн дагуу хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг зогсоох, хувийн өгөгдлийг өөрчлөх, устгах;

18.2.6.өгөгдлийн эзний хүсэлтээр хувийн өгөгдлийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөх;

18.2.7.хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагааны талаар бүртгэл хөтлөх;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

10

18.2.8.Хүний эрхийн үндэсний комиссыг шаадрлагатай мэдээллээр хангах;

18.2.9.өгөгдөл хамгаалах үйл ажиллагааны явцад олж авсан хувийн өгөгдлийн нууцыг хадгалах;

18.2.10.өгөгдлийн эзний гомдлыг хүлээн авч ажлын 3 өдрийн дотор хянаж, шийдвэрлэх, хариу мэдэгдэх.

19 дүгээр зүйл. Өгөгдөл боловсруулагч

19.1.Өгөгдөл боловсруулагч нь зөвхөн өгөгдөл хариуцагчаас өгсөн

заавар, журмын дагуу хувийн өгөгдлийг боловсруулна.

19.2.Өгөгдөл боловсруулагч дараах үүрэгтэй:

19.2.1.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасын дагуу аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;

19.2.2.хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллээр өгөгдөл хариуцагчийг хангах;

19.2.3.хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаа дуусмагц хувийн өгөгдлийг устах эсхүл өгөгдөл хариуцагчид бүрэн буцааж өгөх;

19.2.4.өгөгдөл хамгаалах үйл ажиллагааны явцад олж авсан хувийн өгөгдлийн нууцыг хадгалах.

19.3.Өгөгдөл боловсруулагч хувийн өгөгдөлд хандах нь түүнд тэрхүү

хувийн өгөгдлийг боловсруулах эрх олгосон гэж үзэхгүй.

20 дугаар зүйл. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

20.1.Өгөгдөл хариуцагч болон өгөгдөл боловсруулагч нь хувийн өгөгдөл

боловсруулахдаа өгөгдлийн эзний эрхийг хамгаалах, мэдээллийн аюулгүй

байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллана:

20.1.1.хувийн өгөгдлийг нэргүй болгох эсхүл шифрлэлт ашиглан өгөгдлийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулах;

20.1.2.хувийн өгөгдөл боловсруулах системийн найдвартай, бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах;

20.1.3.цахим зөрчил, халдлага, гамшиг, ослын үед хувийн өгөгдөл өөрчлөгдсөн, алдагдсан, устсан бол хувийн өгөгдөлийг нөхөн сэргээх;

20.1.4.хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах нөлөөллийн үнэлгээг тухай бүр хийх.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

11

20.2.Хувийн өгөгдлийг боловсруулах үед өгөгдлийн эзний эрхийг

хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, хувийн өгөгдөл,

биометр өгөгдлийн тээгч, хадгалах технологид тавигдах шаардлагыг

мэдээллийн аюулгүй байдал эрхэлсэн тусгай албаны саналыг харгалзан

Засгийн газар тогтооно.

21 дүгээр зүйл.Хувийн өгөгдлийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний

комисст мэдэгдэх

21.1.Хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд зөрчил гарсныг

мэдсэн өгөгдөл боловсруулагч нь энэ тухай мэдсэн даруйд өгөгдөл хариуцагч

болон Хүний эрхийн үндэсний комисст мэдэгдэнэ.

21.2.Энэ хуулийн 21.1-т заасан мэдэгдэлд дараах мэдээлэл багтана:

21.2.1.тухайн зөрчилд хамаарах өгөгдлийн эзэн, хувийн өгөгдлийн бүртгэл, тэдгээрийн ангилал;

21.2.2.өгөгдөл хамгаалах ажилтны нэр, холбоо барих мэдээлэл;

21.2.3.хувийн өгөгдлийн зөрчлийн үр дагаврыг тайлбарлах;

21.2.4.хувийн өгөгдлийн зөрчилд авсан хариу арга хэмжээ болон сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний талаарх мэдээлэл.

21.3.Өгөгдөл хариуцагч нь хувийн өгөгдлийн зөрчил илрэх бүрд энэхүү

зөрчилтэй холбоотой мэдээлэл, түүний үр нөлөө болон авсан арга хэмжээг

баримтжуулж, энэ талаар өгөгдлийн эзэн болон Хүний эрхийн үндэсний комисст

түүний шаардсанаар танилцуулна.

22 дугаар зүйл. Хувийн өгөгдлийн зөрчлийн талаар өгөгдлийн эзэнд

мэдэгдэх

22.1.Хувийн өгөгдлийн зөрчил нь өгөгдлийн эзний эрх, эрх чөлөөнд

ноцтой хохирол учруулах эрсдэлтэй бол өгөгдөл хариуцагч нь тухайн зөрчлийн

талаарх мэдээллийг өгөгдлийн эзэнд даруй бичгээр буюу цахим хэрэгслээр

дамжуулан мэдэгдэнэ.

22.2.Өгөгдөл хариуцагч нь хувийн өгөгдлийн зөрчилд өртсөн хувийн

өгөгдлийг шифрлэх болон нэргүй болгох зэргээр хувийн өгөгдөлд хандах эрхгүй

этгээд хандахаас сэргийлсэн техникийн болон зохион байгуулалтын арга

хэмжээг авч хэрэгжүүлсэн нь энэ хуулийн 21.1-д заасан мэдэгдэх нөхцлийг

хөндөхгүй.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

12

23 дугаар зүйл. Өгөгдөл хамгаалах нөлөөллийн үнэлгээ

23.1.Өгөгдөл хариуцагч хувийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд

шинэ технологи ашиглах нь өгөгдлийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг

сонирхолд хохирол учруулах эрсдэлтэй бол хувийн өгөгдөл боловсруулалтын

шинж чанар, хамрах хүрээ, агуулга, зорилгыг тодорхойлсоны үндсэн дээр

хувийн өгөгдөл боловсруулалт хийхээс өмнө хувийн өгөгдлийг хамгаалах

нөлөөллийн үнэлгээг тухай бүр хийнэ.

23.2.Дараарх тохиолдолд өгөгдөл хамгаалах нөлөөллийн үнэлгээ хийнэ:

23.2.1.хувийн өгөгдөлд автоматжуулсан боловсруулалт хийх бөгөөд энэ нь өгөгдлийн эзэнд сөргөөр нөлөөлөхөөр бол;

23.2.2.хувийн эмзэг өгөгдлийг их хэмжээгээр боловсруулах бол.

23.3.Энэ хуулийн 23.1-д заасан өгөгдөл хамгаалах нөлөөллийн үнэлгээнд

холбогдох өгөгдөл хариуцагч нар энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан ёс зүйн

дүрмийг баримтлана.

24 дүгээр зүйл. Ёс зүйн дүрэм

24.1.Өгөгдөл хариуцагч, боловсруулагчийн үйл ажиллагаанд баримтлах

ёс зүйн дүрмийг Хүний эрхийн үндэсний комисс харилцаа холбоо, мэдээллийн

технологи хариуцсан төрийн захиргааны байгууллагаас санал авсаны үндсэн

боловсруулж батлана.

24.2.Хүний эрхийн үндэсний комиссоос байгуулсан орон тооны бус,

байнгын хороо нь энэ хуулийн 24.1-т заасан ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг

хангах арга хэмжээ авч, ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн

авч шийдвэрлэнэ.

24.3.Энэ хуулийн 24.2-т заасан үйл ажиллагаа нь өгөгдлийн эзний эрхийг

хөндөхгүй.

25 дугаар зүйл. Өгөгдөл хариуцагч ба өгөгдөл боловсруулагчийн

хоорондын харилцаа

25.1.Өгөгдөл хариуцагч ба өгөгдөл боловсруулагчийн хоорондын

харилцаа нь тэдгээрийн бичгээр байгуулагдсан гэрээгээр тодорхойлогдоно.

25.2.Энэ хуулийн 25.2-т заасан гэрээнд өгөгдөл боловсруулах зорилго,

арга зам, үргэлжлэх хугацаа, өгөгдлийн эзний ангилал, өгөгдлийн эзний эрхийг

хамгаалах нөхцөлийг заавал тусгана.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

13

25.3.Өгөгдөл боловсруулагч нь өгөгдөл хариуцагчийн өгсөн үүрэг,

зааврыг зөрчиж болохгүй.

25.4.Өгөгдөл боловсруулагч нь өгөгдөл хариуцагчийн өгсөн үүргийг

зөрчсөн нь өгөгдөл хариуцагчийг боловсруулагчийн өмнө хүлээсэн үүрэг,

хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

25.5.Энэ хуулийн 25.4-т заасан нөхцөл нь Хүний эрхийн үндэсний

комиссын өмнө өгөгдөл хариуцагч, боловсруулагч үүрэг хүлээх, тэдгээр

байгууллагад зохих дэмжлэг үзүүлэхээс чөлөөлөхгүй.

25.6.Энэ хуулийн 25.1-т заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол, өгөгдөл

боловсруулагч нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ биечлэн гүйцэтгэх бөгөөд

бусад этгээдэд шилжүүлэхгүй.

26 дугаар зүйл. Хувийн өгөгдлийг хилийн чанадад дамжуулах

26.1.Хувийн өгөгдлийг хилийн чанадад болон олон улсын байгууллагад

дамжуулахын өмнө хувийн өгөгдлийг хүлээн авах улсад өгөгдлийн эзний эрхийг

нэгэн адил хамгаалж байгаа эсэхийг өгөгдөл хариуцагч хянан баталгаажуулсан

байна.

26.2.Өгөгдлийн эзний эрхийг хамгаалахгүй гэж үзвэл хувийн өгөгдлийг

хилийн чанадад дамжуулахгүй.

26.3.Өгөгдлийн эзний эрхийг энэ хуульд зааснаас дордуулахгүйгээр зохих

ёсоор хамгаалдаг улсад хууль тогтоомжийн дагуу хувийн өгөгдлийг дамжуулж

болно.

26.4.Хувийн өгөгдлийг өгөгдлийн эзэн зөвшөөрснөөс бусад тохиолдолд

үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, бусдын эрх, эрх чөлөөг хангах

зорилгоор хилийн чанадад дамжуулахыг хязгаарлаж болно.

26.5.Өгөгдлийн эзний эрхийг энэ хуульд зааснаас дор нөхцөлөөр хангах

буюу хангаж чадахгүй байгаа улсад хувийн өгөгдлийг дараах тохиолдолд

шилжүүлж болно.

26.5.1.өгөгдлийн эзэн бичгээр зөвшөөрөл өгсөн;

26.5.2.виз олгохтой холбоотой болон иргэн, эрүү, гэр бүлийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын олон улсын гэрээнд заасан;

26.5.3.өгөгдлийн эзэн нэг тал нь болж буй гэрээг биелүүлэхийн тулд;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

14

26.5.4.өгөгдлийн эзэн болон бусдын амь нас, эрүүл мэнд, амин чухал ашиг сонирхлыг хамгаалах шаардлага тулгарсан үед өгөгдлийн эзний зөвшөөрлийг авах боломжгүй тохиолдолд.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

27 дугаар зүйл. Хүний эрхийн үндэсний комиссын эрх зүйн байдал

27.1.Хүний эрхийн үндэсний комисс нь энэ хуулийн хэрэгжилтэд хяналт

тавих, хувийн өгөгдөл боловсруулахтай холбоотой хүний үндсэн эрх, эрх чөлөөг

хамгаалах үүрэг бүхий бие даасан байгууллага байна.

27.2.Хүний эрхийн үндэсний комисс нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд

шаардагдах ажиллах хүч, техник, санхүүгийн нөөц, байр, дэд бүтцээр

хангагдана.

27.3.Хүний эрхийн үндэсний комисс нь энэ хуулийн 27.1-д заасан үүргийг

Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн тусгайлан хариуцах бөгөөд өгөгдөл

хамгаалах мэргэшсэн ажилтантай байна.

28 дугаар зүйл. Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрх

28.1.Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын хүний эрхийн

үндэсний комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах

тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.өгөгдлийн эзнээс гаргасан гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх;

28.1.2.өгөгдөл хариуцагч болон боловсруулагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлага хүргүүлэх;

28.1.3.өгөгдөл хамгаалах талаар олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

28.1.4.хувийн өгөгдөл боловсруулалттай холбоотой өгөгдлийн эзний эрхийг олон нийтэд таниулах, хувийн өгөгдлийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх;

28.1.5.энэ хуулийн дагуу өгөгдөл хариуцагч болон боловсруулагчид өгөгдлийн эзний эрхийг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх;

28.1.6.өгөгдлийн эзний зөвшөөрлийн маягт батлах;

28.1.7.хувийн өгөгдөл боловсруулах харилцаанд мөрдөх ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах;

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

15

28.1.8.өгөгдлийн эзний эрхийг зөрчсөнтэй холбоотой бүртгэл хөтөлж, түүний мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэсэн тайлан гаргаж Улсын Их Хурал болон олон нийтэд жил бүр тайлагнах;

28.2.Хүний эрхийн үндэсний комисс нь өгөгдлийн эзэнд үнэ төлбөргүй

мэдээлэл, зөвлөгөө өгнө.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ

29 дүгээр зүйл. Сэтгүүл зүй, урлаг, утга зохиолын зорилгоор өгөгдөл

боловсруулах

29.1.Энэ хуулийн хүрээнд хувийн өгөгдлийг хамгаалах эрх нь үзэл бодлоо

чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хөндөхгүй.

29.2.Хувийн өгөгдлийг сэтгүүл зүйн болон урлаг, утга зохиолын зорилгоор

боловсруулах тохиолдолд тус хуульд заасан өгөгдөл хамгаалах зарчим,

өгөгдлийн эзний эрх, өгөгдөл хариуцагч болон боловсруулагчийн үйл ажиллагаа

болон тэдгээртэй уялдсан бусад зохицуулалтыг хэрэглэхгүй.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасан хувийн өгөгдлийг сэтгүүл зүйн болон

урлаг, утга зохиолын зорилгоор боловсруулж буй эсэхтэй холбоотой гомдлыг

Хүний эрхийн үндэсний комисс хүлээн авч, урьдчилан хянан шийдвэрлэх бөгөөд

тус шийдвэртэй холбоотой гомдлыг захиргааны хэргийн шүүх хянан

шийдвэрлэнэ.

30 дугаар зүйл. Төрийн болон албаны зорилгоор өгөгдөл боловсруулах

30.1.Төрийн байгууллага болон төрийн зарим чиг үүргийг холбогдох хууль

тогтоомж, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага, бусад

хуулийн этгээдийн зүгээс албан ёсны баримт бичиг дэх хувийн өгөгдлийг

задруулахыг хориглоно.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан хувийн өгөгдлийг зөвхөн бусдын эрх

чөлөөг хөндөхгүй, нийтийн ашиг сонирхолд нийцсэн бөгөөд тэдгээр өгөгдлийг

хамгаалсан нөхцөлд өгөгдлийн эзний зөвшөөрөлгүйгээр хууль тогтоомжид

заасан нөхцөлд эрх бүхий этгээдэд танилцуулж болно.

30.3.Энэ хуулийн 30.1-т заасан хувийн өгөгдлийн жагсаалтыг холбогдох

хууль тогтоомжид нийцүүлэн Хүний эрхийн үндэсний комисс батална.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

16

30.4.Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд ажилтнуудын хувийн өгөгдлийг

боловсруулахтай холбоотой харилцааг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид

заасан нөхцөлөөр зохицуулна.

31 дүгээр зүйл. Архивын, түүхийн болон шинжлэх ухааны судалгаа

шинжилгээ, статистикийн зорилгоор өгөгдөл боловсруулах

31.1.Хувийн өгөгдлийг архив, түүхийн болон шинжлэх ухааны судалгаа

шинжилгээ, статистикийн зорилго, нөхцөлөөр боловсруулахдаа өгөгдлийн эзний

эрх, эрх чөлөөг хангахын тулд энэ хуулийн дагуу нэргүй болгох замаар зохих

хамгаалалтын арга хэмжээ авсаны үндсэн дээр боловсруулна.

31.2.Хувийн өгөгдлийг нийтийн ашиг сонирхолын үүднээс архивын

зорилгоор боловсруулахад энэ хуульд заасан өгөгдлийн эзний мэдэх эрх,

алдааг засуулах эрх, устгуулах эрх, дамжуулах эрх болон татгалзах эрх

хязгаарлагдана.

31.3.Хувийн өгөгдлийг түүхийн болон шинжлэх ухааны судалгаа

шинжилгээ, статистикийн зорилгоор боловсруулахад энэ хуульд заасан

өгөгдлийн эзний мэдэх эрх, алдааг засуулах эрх, устгуулах эрх хязгаарлагдана.

31.4.Энэ хуулийн 31.2 ба 31.3 дахь хэсэгт дурдсан нөхцөлийг буруугаар

ашиглах буюу хэтрүүлэх тохиолдолд өгөгдлийн эзний эрхийг хязгаарлахгүй.

31.5.Хувийн өгөгдлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа, албан

ёсны статистикийн мэдээлэл гаргах зорилгоор боловсруулахдаа хувийн болон

эмзэг өгөгдлийг кодчилон өгөгдлийн эзнийг танихгүй болгосон нөхцөлд

өгөгдлийн эзэнд мэдэгдэхгүй байж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

32 дугаар зүйл. Хяналт, хязгаарлалт

32.1.Хувийн өгөгдлийг боловсруулах үйл ажиллагаанд Хүний эрхийн

үндэсний комисс түүний гишүүнээр дамжуулан хяналт тавина.

32.2.Хувийн өгөгдлийг өгөгдлийн эзний зөвшөөрөлгүйгээр өөр эх

сурвалжаас боловсруулж өгөгдлийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно.

33 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

33.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

17

33.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн

тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

34.1.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс эхлэн дагаж

мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

---o0o---